Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн Эрүүл мэндийн Үндсэний төвөөс хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян - 2018”-ын хоёрдугаар ээлжийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 19-ны өдрөөс 21-ны өдрүүдэд төвийн бүсийн Баянхонгор аймагт зохион байгуулж, 2018 оны хөдөө орон нутаг руу чиглэсэн аяны үйл ажиллагаагаа амжилттай өндөрлүүллээ.
Үйл ажиллагааны эхний өдөр тус аймгийн эрүүл мэндийн газарт аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх сумын нийт 50 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад цусны даралт ихсэлтийн олон улс шинэчлэгдсэн удирдамж болон дотоодын цусны даралт ихсэлтийн шинэчлэгдсэн заавар, цусны даралт ихсэлтийн хүндрэл, тархины харвалт, зүрхний шигдээс болон бөөрний архаг дутагдал зэрэг өвчнүүд, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдлийг тодорхойлоход анхаарах зүйл, ард иргэдэд зөвлөмжийг хэрхэн зөв үр дүнтэй өгөх, дасгал хөдөлгөөн эмчилгээг хэрхэн удаан хугацааны турш тасралтгүй үр дүнтэй хийх аргуудыг зөвлөсөн интерактив сургалт зохион байгуулж, мэдээлэл түгээлээ.
9 дүгээр сарын 21-ны өдөр тус аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2018”-ын нээлт, аяны өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, 1400 гаруй иргэнд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт иргэд, олон нийтэд цусны даралт ихсэх өвчин, түүнд хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, хүндрэлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх амьдралын эрүүл зөв дадал олгох эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг зохион байгууллаа. Мөн энэ өдөр тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим сурагчид эрүүл амьдралын зөв дадал олгох “Эрүүл мэндийн боловсрол гэж юу вэ?” сэдэвт сургалт зохион байгуулсан байна.
Аяны гуравдахь өдөр тус эмнэлгийн зүрх судас, мэдрэл, тархины харвалт, бөөр дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран лавлагаа шатлалын оношилгоо, эмчилгээний тусламж зайлшгүй шаардлагатай, эмчийн байнгын хяналтанд байдаг 300 гаруй өвчтөнд үзлэг оношилгоо хийж, лавлагаа шатлалын зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүллээ.