ЭМЯ-ны урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын даргын үүргийг гүйцэтгэгч Доктор Петр Коули, мэргэжилтэн Доктор Анне Чу болон актуар тооцооллын зөвлөх Жан Клод Хенникот нар манай улсад “Эрүүл мэндийн салбар дахь стратегийн худалдан авалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт”, Эрүүл мэндийн үндэсний тооцоо, Тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтүүдийг хянах зорилгоор Эрүүл мэндийн яаманд ажиллаж, өнөөдөр ажиллалаа. Уулзалтанд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц, ДЭМБ монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.
Энэ үеэр Монгол улсаас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын шинэчлэлүүдийн талаар харилцан санал солилцож, холбогдох газруудаар зочлон, хэрэгжилтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн салбарын төлөвлөлт, санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагуудын төслийн багийнхныг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, харилцан ярилцаж, цаашид анхаарах зөвлөмжүүдийг өглөө.
Тухайлбал, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа даатгалын санхүүжилтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, стратегийн худалдан авалтыг даатгалын болон төсвийн санхүүжилттэй хэрхэн уялдуулах, өмнө нь эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаагүй актуар тоцооллыг хийх талаар ярилцаж, холбогдох мэдээлэл зөвлөмжүүдийг өглөө.
Цаашид ДЭМБ нь Эрүүл мэндийн санхүүжилт, даатгал, стратегийн худалдан авалтыг гадны улс орнуудад хэрхэн, үр дүнтэй хэрэгжүүлж байгаар талаар газар дээр судалж, танилцах, туршлага судлах чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.