Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөр Монгол улсын хүн амын дунд хепатитын вирусын халдварын тархалтыг хязгаарлан, хепатитын С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитын вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилгын хүрээнд дараах 4 үндсэн зорилт, үйл ажиллагааны 67 чиглэлтэйгээр хэрэгжиж байна.
- Зорилт 1. Хүн амыг хепатитын вирусын халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар тандалт, халдварын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
- Зорилт 2. Үндэсний хэмжээнд хепатитын вирусын халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний нотолгоонд тулгуурласан чанартай багц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.
- Зорилт 3. Хепатитын вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдарын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үр дүнг эмнэл зүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.
- Зорилт 4. Хепатитын вирусын халдварын өвчлөл, элэгний хорт хавдрын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төр , төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
Мөн Элэгний В вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг ЭМД-аар хийлгэх ажил 2018 оны 08 дугаар сарын 01-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн ба вирусын эсрэг эмчилгээний бэлдмэлийг ЭМД-аас хөнгөлөлттэй үнээр олгох ажил үргэлжилж байна. Элэгний С вирусын халдварын эмчилгээнд вирусын генотипээс үл хамааран үйлчлэх шинэ эмийн бэлдмэлийг улсын бүртгэлд шинээр авч, ЭМД-ын хөнгөлөлтөөр олгох боломжийг бүрдүүлсэн.
Монгол улсын энэхүү туршлагыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын зүгээс хүн амыг нийтэд нь хамарсан илрүүлэг, оношилгоо, эмчилгээг хамтад нь цогцоор нь шийдвэрлэж буй үндэсний хэмжээний тэргүүн туршлага болсон ажил болж байгааг өндөрөөр үнэлж байгаа билээ.