Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилга бүтээцийн үндсэн ажил дуусч, удахгүй ашиглалтанд орно. Тус эмнэлгийн менежментийг Япон улсын Токушима Их Сургуулийн Ирахара тэргүүтэй баг хийхээр болсон юм. Тэгвэл өнөөдөр дээрхи асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Токушима Их Сургуулийн Ирахара тэргүүтэй менежментийн баг болон АШУҮИС-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.


Сайд уулзалтын үеэр хэлэхдээ “Энэхүү эмнэлэг нь монголын ард түмэнд Япон стандартын эмчилгээ, үйлчилгээ,эрдэм шинжилгээ, сургалт явуулах үндэсний хэмжээний өндөр зэрэглэлийн эмнэлэг байх ёстой. Сургалтын эмнэлгийг байгуулснаар анагаах ухааны боловсролд нэн шаардлагатай эмнэл зүйн боловсрол олгох үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэж, боловсон хүчнийг үр дүнтэй бэлтгэх боломжтой болохын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад өндөр ач холбогдолтой. Эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.” гэдгээ илэрхийллээ.








