
Иймд, Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Үндэсний Нийгэмлэг нь ЭМЯ-тай хамтран мэдрэлийн сэргээн засахын салбарыг хөгжүүлэх, эмч мэргэжилтэн, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний ажлыг дэмжих, харилцан мэдээлэл солилцох, орчин үеийн технологийн чиг хандлагатай танилцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын олон улсын хурлыг 2018 оны 08 дугаар сарын 16, 17–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Эрүүл мэндийн яамны Хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү хуралд мэдрэлийн сэргээн засахын салбарын зургаан орны эрдэмтэн эмч нар хуралд оролцон илтгэлээ тавина. Үүний дотор, Дэлхийн Мэдрэлийн Сэргээн Засахын Холбооны Ерөнхийлөгч Leonard S.W. Li, Ази-Номхон Далайн орнуудын Мэдрэлийн Сэргээн Засахын Нийгэмлэгийн Тэргүүн Paik Nam-Jong нар манай хуралд оролцож байгаа.

Монголын Сэргээн Засах Үндэсний Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа "Энэхүү хуралд хэлэлцэх нэг чухал асуудлын нэг бол харвалтын дараах сэргээн засах эмчилгээ юм. Учир нь жил ирэх тусам манай улсын иргэдийн дунд харвалтын тоо өсч, насжилт улам залуужсаар байна. Харвалт өгсөн хүмүүсийн 1/3 нь нас барж, 1/3 нь хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тийм учраас сэргээн засах үйлчилгээг бид шат шатанд нь үзүүлж, энэ салбарын мэргэжилтэн, хүний нөөцийг бусад улс орны туршлагаас суралцуулж, бэлтгэх шаардлагатай нүүр тулаад байна" гэв.
Манай оронд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сэргээн засахын үйлчилгээ дутмаг, хөгжлийн бэршээлтэй болон мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй болсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ алслагдмал орон нутагт хүртээмж багатай тул цаашид мэдрэлийн сэргээн засахын үйлчилгээг бүсчлэн хөгжүүлж, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлдэх, чадавхижуулах шаардлагатай байна.