Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба гэр бүл төлөвлөлтийн тулгамдсан асуудал сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо. Уг арга хэмжээнд орон нутгийн эрүүл мэндийн төвийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцож байна. Уулзалтыг нээж ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Э.Гантулга үг хэлж, уулзалтанд оролцогчидод амжилт хүсээд зөвлөлдөх уулзалтаар тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь салбарын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд энэ чиглэлээр батлагдсан бодлого, эрх зүйн орчны хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласаны үр дүнд хүрч, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг Монгол улс бүрэн хэрэгжүүлж, эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн амжилттай ирсэн.
Гэр бүл төлөвлөлт нь хувь хүн болон хосууд хүүхдийн тоо, төрөлт хоорондын зай, хугацааг зохицуулах тухай төлөвлөгөө юм. Гэр бүлээ зөв төлөвлөх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, жирэмсэн эмэгтэй эсэн мэнд амаржих, хүүхэд саруул бойжих, эх, хүүхэд эндэгдэлгүй байх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийг бууруулах, төрөлт хоорондох хугацааг дор хаяж 3 жил байх нь хүүхдийн зөв бойжилтод эцэг, эхчүүд зөв анхаарах, төрсөн эмэгтэйн биеийн нөхөн төлжилт зүй зохистой явагдаж аливаа эрсдэлт өртөхгүй, өвчлөхгүй байхад тохирсон хугацаа байдаг.
Гэвч эрүүл мэндийн үзүүлэлт, үндэсний судалгааны дүнгээс харахад нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалт бүх шатанд анхаарал хандуулж ажиллах нь дутагдалтай байна. Судалгаагаар гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй, гэр төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ нэмэгдсэн, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд жирэмлэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хэрэглээ буурсан, үр хөндөлт, түүний дотор давтан үр хөндөлт ялангуяа өсвөр үеийнхэн, залуучуудын дунд нэмэгдсэн, өсвөр, үе залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлууд байсаар байна.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар нөхөн үржихгүй эрүүл мэндийн тулгуур арга хэмжээний нэг гэр бүл төлөвлөлтийн тулгамдсан асуудлын шийдлийг хамтдаа олох, туршлага, мэдлэг, ур чадвараа солилцох зорилготой. Энэ уулзалтанд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн дарга нар, холбодох мэргэжилтнүүд оролцож байна.
Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангийн хамт олон, эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэг хамтран ажиллаж байна. Цаашид гэр бүл төлөвлөлтийн ач холбогдлыг хүн амд таниулж, өрөөсгөл ойлголтыг арилган, бодитой мэдээлэл, зөвлөмжөөр хангах боломж бүрдүүлэх чухал. Мөн гэр бүл төлөвлөлтийг сонгоход эрэгтэйчүүдийн оролцоог дэмжих, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зөв мэдээллийг хүргэх чиглэлд ажиллах хэрэгтэй оролцогчид онцоллоо.