“Солонгосын Эрүүл мэнд-2018 Монголд” үзэсгэлэн яармагийн нээлтийн арга хэмжээ 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мишээл Экспо төвд зохион байгуулагдав.Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөл болон хоёр улсын эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Монгол улсад зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн яармагийн үр дүнд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, оншилгоо, эмчилгээний сүүлийн үеийн, дэвшилтэт техник, технологи, стандартыг загвар болгон өөрийн оронд нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтан, инженер техникчдыг чадавхижуулах, сургах боломж бүрдэнэ гэж итгэлтэй байгаагаа илэрхийллээ.







