
Т.АЛИМАА: ТЕХНИК ТЕНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙСНЭЭР ЦУСНЫ НӨӨЦ 4-5 ДАХИН НЭМЭГДСЭН
ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цусны донорын дэлхийн өдрийг уламжлал болгон жил бүр тэмдэглэхийн ач холбогдол, зорилго юу вэ. Ямар үр дүн гарч байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орон өнөөдөр /өчигдөр/ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс энэ өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ үеэр цусны донор болохын ач холбогдлын талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа, зөв мэдээлэл өгөхийн зэрэгцээ цусаа бэлэглэсэн доноруудаа алдаршуулан талархал илэрхийлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Ингэснээр тодорхой хэмжээнд донорын эгнээ, цус, цусан бүтээгдэхүүний нөөц нэмэгддэг. Энэ өдрийг нийслэлд төдийгүй 21 аймагт мөн адил тэмдэглэж байгаа.
-Манай улс цусны хэчнээн донортой вэ?
-Тухайн хүн нэг удаа л цусаа өгсөн бол донорын бүртгэлд багтдаг. Иймд бүртгэлтэй 80 гаруй мянган донор бий. Үүнээс 20 гаруй мянга нь цусаа идэвхтэй өгч байна.
-Цусны нөөц хангалттай бий юү. Хадгалалт, хамгаалалт ямар төвшинд байдаг вэ?
-Доноруудаас өдөр бүр цус авч байж, эмнэлгүүдийн шаардлагатай хэрэгцээ болон яаралтай үед хэрэг болох цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлдэг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийг манай төв хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд шинэ байранд орж, техник тенологийн шинэчлэл хийснээр цусны нөөц 4-5 дахин нэмэгдсэн. Одоогоор 22 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүн нөөцөлж, эмнэлгүүдэд нийлүүлж байна.
-Нэг удаа цус өгснөөр хэдэн хүний амь насыг аварч, эрүүл мэндийг нь хамгаалах вэ?
-Цус өгөх нь маш том буян. Нэг хүний өгсөн цусаар гурван нэр төрлийн бүтээгдэхүүн бэлтгэдэг. Нэг удаа цус өгөхөд хамгийн багадаа гурван хүний эрүүл мэндийг сайжруулж, амь насыг нь аварна.
-Хүндэт доноруудад улсаас ямар хөнгөлөлт, урамшуулал үзүүлж байна вэ?
-35, түүнээс дээш удаа цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн хүмүүст Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт донор цол тэмдгийг олгодог. Монгол Улс 1994 оноос эхлэн “Авлагагүй сайн дурын донор”-ын хөдөлгөөнд нэгдсэн. Тиймээс хүмүүс ямар нэгэн авлага авахгүйгээр цусаа бэлэглэдэг юм. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүндэт донорыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын тушаалаар жилд нэг удаа рашаан сувиллаар үйлчлүүлдэг.
Түүнчлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог. Монгол Улсын хэмжээнд одоогоор 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүндэт донор 100 гаруй байгаагаас 62 нь нийслэл Улаанбаатар хотын иргэд юм байна. Тэднэээс О.Ганбаяр хамгийн залуу, З.Баяртсайхан хамгийн олон өгөлттэй хүндэт донор болсон юм. Энэ үеэр сайн дураараа цусаа бэлэглэж хүндэт донор болсон зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.
Ж.Алтанцэцэг:-Би 100 удаа цус өгч, 350 хүний амь насыг аварсан. Цусаа бэлэглэж, буян үйлдэхийг залуустаа уриалж байна. Цус өгснөөр эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гардаггүй. Би цусаа өгөөгүйгээс болж хэн нэгэн амь насаа алдаж байгаа ч юм билүү гэж боддог. Тиймээс өөрийн болон бусдын сайн сайхан, эрүүл энхийн төлөө цусаа бэлэглэцгээе.
Н.Цэрэндорж:-Би 80 настай. Анх 1955 оноос эхэлж цусаа бэлэглэж, улмаар 1966 онд хүндэт донор болсон. Энэ хугацаанд 60 литр цус өгсөн байна. Мөн аваар осолд орсон дөрвөн хүнд цус яаралтай хэрэг болж, тухайн үед би цусаа өгч байлаа. Хүндэт донор гэдэг утгаараа 1990 онд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн урилгаар Далай ламтай уулзаж явсан удаатай.
Б.Мөнхзориг:-Нийт 42 удаа цусаа өгсөн учраас хүндэт донорын тэмдгээ гардан авлаа. Залуус бид нийгмийн үүргээ ухамсарлаж, бусдад туслах хэрэгтэй. Мөн өөрийн эрүүл мэндэд ч тустай. Амьдралын хэв маягаас хамаарч хүний цус байнга өтгөрч байдаг учраас цусаа өгснөөр шингэрдэг. Олон удаа зүүгээр хатгуулахаар бага зэрэг сорви үүсдэг юм билээ. Гэхдээ энэ нь их гавьяаны сорви учраас эмзэглэх асуудал байдаггүй. Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд байгууллага хамт олноороо донорын эгнээд нэгдсэн ШУТИС, Зэвсэгт хүчний 013 дугаар анги болон Бурхны сүмийг “Донор хамт олон”- оор өргөмжилсөн бол цусны донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, www.zaluu.com шалгарлаа. Энэ жилийн цусны донорын дэлхийн өдрийг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЦССҮТ, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгууллаа.