

Сургалтыг Зүүн, Баруун, Говь, Хангай, Төв гэсэн 5 бүсэд зохион байгуулах бөгөөд эхний удаад Зүүн бүсийн сургалтыг 2018.06.08-09-ний өдрүүдэд Дорнод аймгийн төв Хэрлэн суманд зохион байгуулж байна.
Уг сургалтанд Хэнтий, Сүхбаатар Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн захиргааны болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын удирдах ажилтнууд болон нийгмийн даатгалын хэлтэс, эрүүл мэндийн тасгийн дарга, мэргэжилтнүүд зэрэг 60 гаруй хүмүүс оролцож байна.
Сургалтанд Эрүүл мэндийн даатгалын талаарх Эрүүл мэндийн яамны бодлого чиглэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэдээлэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Эрүүл мэндийн даатгалын цахим систем, тусламж үйлчилгээний чанарын хяналтын аргачлал зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, мөн нээлттэй хэлэлцүүлгийг хийх юм.

Тус сургалтаар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт сурталчилах, эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн шинэчлэлийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, даатгуулагчдыг шинэ мэдээ мэдээллээр хангаснаар Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа сайжирч чанар хүртээмж нэмэгдэнэ.