Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул болон Орхон аймагт ажиллалаа. Учир нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн орон даяар “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн. Тиймээс салбарын яамнаас цахим жортой холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өглөө.Энэ үеэр ажлын хэсгийнхэн нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу холбогдох ажилтнуудтай уулзаж, зөрчил юунаас болж гарсан гэдгийг тодруулсан юм. Тухайлбал, Орхон аймгийн иргэн н.Батсуурь салбарын яамны цахим хуудсанд даатгалын цахим системийн сүлжээ тасалдаж өглөөний 08.00 цагаас өрхийн эмнэлэгт очоод, 15.30 цагт хөнгөлөлтэй эмийн жороо бичүүлээд, үдшийн 05.24 цаг хүртэл дугаарлаж, хөнгөлөлттэй олгох эмээ авсан талаар гомдол гаргажээ. Тиймээс ажлын хэсгийнхэн энэхүү иргэний гомдлын дагуу түүний харьяалагддаг "Анхны-Оч" Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага болон гомдол гаргагчид үйлчилсэн н.Баярмаа эмчтэй уулзаж, ярилцлаа.

.jpg)
Түүнчлэн орон нутагт гарч байгаа зөрчлүүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь эмийн үнийн зөрүүний асуудал юм. Энэ асуудлаар холбогдох цахим хуудсанд хэд хэдэн иргэн гомдол гаргасан байна. Тиймээс ажлын хэсгийнхэн тус асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар буюу жор олгох эрх мэдэл бүхий ажилтнууд болон эмийн сангийн удирдлагуудтай уулзаж, ямар гарц байгаа талаар санал бодлоо солилцсон юм. Эмч нарын тодруулж буйгаар Эм ханган нийлүүлэх төвийн зарим нэр төрлийн эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эмийн үнээс хямд аж. Энэ нь үнийн зөрүү гарах шалтгаан болж байна. Гэхдээ эмийн санчдын тодруулсанаар үйлчлүүлэгчтэйгээ харилцан тохирсны үндсэн дээр эмийн ханшийн зөрүүнд бэлэн мөнгө олгосон и-баримт олгодог гэнэ. Мөн тухайн авсан эмэнд ч и-баримт олгодог гэв. Тиймээс хөнгөлөлттэй үнийн жагсаалтад шинэчлэлт хийх нь зүйтэй юм.








