Польш улсын Варшав хотноо Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулганд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, Монгол Улсын эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, анагаах ухааны салбарын хөгжлийн чиг хандлага, тусламж үйлчилгээний тогтолцооны талаар санал, мэдээлэл солилцлоо. Энэхүү чуулганд Монгол болон Европын 14 улс орноос нийт 100 гаруй эмэгтэйчүүд оролцсон юм.
Хилийн чанадад амьдарч байгаа 160 гаруй мянган монголчуудын ихэнх хувь нь эмэгтэйчүүд түүний дотор эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд энэхүү чуулганд төлөөлөгчөөр оролцож буй эмэгтэйчүүд мэдээлэл, санал бодол, туршлагаа солилцсон ажил хэрэгч чуулган болж өндөрлөлөө.