Энэ долоо хоногт Женев хотод чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы эхний өдөр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар жил бүрийн 7 дугаар сард тохиодог Дэлхийн Гепатитын өдрийг энэ жил Монгол Улсад 7 дугаар сарын 27-ны өдөр ДЭМБ, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулах асуудлыг баталгаажууллаа. Др.Шин Ён-су ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газраас элэгний В, С вирусын халдвар, түүний шалтгаант элэгний хатуурал, элэгний хорт хавдартай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж хөтөлбөр, үйл ажиллагааг олон улсад сайшаан дэмжиж байгааг тэмдэглэн хэлээд Дэлхийн Гепатитын өдрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сайд Д.Сарангэрэл дээрх арга хэмжээнд ДЭМБ-ын Бүсийн захирал Др.Шин Ён-суг өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцохыг албан ёсоор урьсныг Бүсийн захирал таатай хүлээн авч, манай улсад зочлохоо илэрхийлэв.
Уулзалтын үеэр Бүсийн захирал энэ оны 10 дугаар сард Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдах Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлэх асуудлаарх Өндөр түвшний Олон улсын бага хурлын талаар Эрүүл мэндийн сайдад танилцуулаад, тус хуралд оролцох асуудлаар харилцан санал солилцлоо