Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхалын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалтыг зохион байгуулж байна.
Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ-ын хийсэн “Вакцинд эргэлзэх байдлын судалгаа”-гаар нийт эцэг эх, асран хамгаалагчдын 93.5% нь вакцины ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байсан бол 27.3% нь вакцины аюулгүй байдалд үл итгэдэг, 13.7% нь эмнэлгийн ажилтанд сэтгэл ханамжгүй байснаас, 16.6% нь бусад шалтгаанаар хүүхдээ вакцинаас хоцроодог нь тогтоогджээ. Мөн олон нийтийн сүлжээгээр дархлаажуулалтын эсрэг худал мэдээлэл түгээх, дархлаажуулалтын эсрэг лобби бүлэг байгуулах зэрэг нь дархлаажуулалтын хамралтыг бууруулан, улмаар халдварт өвчний дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлэхэд гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан байна.
Дархлаажуулалтын талаарх сөрөг мэдээлэл, цуу ярианд тандалт хийх, хүн амын дунд гарч байгаа цуу яриа, эргэлзээ төрүүлсэн асуудал, үйл явдлыг баталгаажуулах, эцэг эх, асран хамгаалагчдад үнэн бодит мэдээллийг хүргэх ур чадварыг эмч мэргэжилтнүүдэд эзэмшүүлэх юм. Сөрөг мэдээлэл, цуурхалыг тандах, хариу арга хэмжээ авах талаар гарын авлагыг өөрийн орны нөхцөлд тохируулан ашиглах талаар ширээний дасгал сургуулилт хийж байна.
Уг сургалтад нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд оролцож байна.