ЭМЯ-наас Бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, хоол тэжээлийн бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор А аминдэмийг үндэсний хэмжээнд хуваарилан түгээж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд А аминдэмийг жилд хоёр удаа буюу 5, 11 дүгээр саруудад олгодог.
А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг . Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.
А аминдэмийг жилд 2 удаа 5 болон 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. :
- 6 -11 сартай хүүхэд 100 000 олон улсын нэгж А аминдэмийг
- 12-59 сартай хүүхэд 200 000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
- 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг.