Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагын хариуг хүргүүллээ


Эрүүл мэндийн яаманд хандан 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 1/111 дугаартай албан шаардлагыг хүлээн авч танилцаад дараахь хариуг хүргүүлж байна. Үүнд:

  1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2018 оны 2-р улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх (Төрөөс авч чадахгүй байгаа татваруудаа авч, орлого бүрдүүлэх шударга тогтолцоог бий болгох) шаардлагын хүрээнд:

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.4, 3.3.11-т “Эрүүл мэндийн салбарын төсвийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлнэ”, “Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин, хөлсний тогтолцоог бий болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 2017 оны 4-10 дугаар сард эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу, нийт 31 байгууллагын 2600 ажилтныг хамруулж 45000 өгөгдөл дээр хийж гүйцэтгэсэн тус үнэлгээнд эрүүл мэндийн байгууллага болон Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг оролцуулан зохион байгуулсан.

Ангилал, зэрэглэлийн шинэчилсэн төслийн дагуу салбарын ажилтнуудын үндсэн цалин 7-49 хувиар нэмэгдэх бөгөөд үүнд нийт 62.1 тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай байгааг 2019 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байна. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний ангилал, зэрэглэлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн болно. Албан тушаалын ангилал зэрэглэл батлагдсанаар эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын шударга тогтолцоо бий болно. Энэ ажлыг нийгмийн салбаруудаас эрүүл мэндийн салбарт анхлан хийж байгаа юм.

Мөн эрүүл мэндийн байгууллагууд дотооддоо нөөц бүрдүүлэн ажилтнуудынхаа хөдөлмөрийг үнэлэх бодит боломжуудыг бий болгон ажиллаж байна. Үүнд: Сангийн сайдын 47-р тушаалын дагуу Төсвийн шууд захирагч нар төсвөө шаардлагатай зүйлдээ зарцуулах боломж, давсан орлого, амралтын өдрүүдээр ажиллан төлбөртэй үйлчилгээнээс олсон орлогоо  цалин, урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн илрүүлэг шинжилгээний өртөг 2800 төгрөг байсныг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 3500 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд шинжилгээ бүрт нэмэгдсэн үйл ажиллагааны зардал болох 700 төгрөгийг илрүүлэг шинжилгээг гардан хийдэг сувилагч нар хүртэх боломжтой.

Эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын цалинг 2018 оны 7 сарын 1-ээс 50 хувь нэмэгдүүлэх асуудлыг тооцож үзэхэд 77,5 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай байна. Цалин нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж Монгол улсын 2018 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн тохиолдолд хэрэгжих боломжтой. Эрүүл мэндийн яамнаас холбогдох тооцоог Сангийн яаманд 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2/1758 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. /хуулбарыг хавсаргав/

  1. Сувилагчийг төрөөс дэмжих, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоон барих, хүний нөөцийн бодлого болон бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу орон тоогоор ажиллуулахад шаардагдах хөрөнгийг 2018 оны төсвийн тодотголд бүрэн тусгаж, хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд:

 

Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааны асуудлыг Эрүүл мэндийн тухай хуульд заасан байдаг. Эмнэлгийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх үндсэн цалингийн дундажтай тэнцэх мөнгөн тэтгэмж авдаг бөгөөд үүнд жилд 10.2 тэрбум төгрөг, Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтэнд тасралтгүй ажилласан 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгоход жилдээ 8.7 тэрбум төгрөг улсын төсвөөс тус тус зарцуулж байна.

 

Хуульд эрүүл мэндийн ажилтан жилд 1 удаа үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамрагдахаар заасан. Эрүүл мэндийн сайдын баталсан “Эмнэлгийн мэргэжилтэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хөнгөлөлттэй үзүүлэх журам”-ын дагуу эмнэлгийн мэргэжилтэн нь дараалал харгалзахгүй үзүүлэх, төлбөртэй тусламж, үйлчилгээний 50-иас доошгүй хувийг хөнгөлүүлэх боломжтой. Эмнэлгийн мэргэжилтэн ялангуяа сум, тосгон, багт ажиллагсад 5 жил тутамд мэргэжил дээшлүүлэх сургалтад улсын зардлаар суралцахыг хуульчилсан. Орон сууцны ипотекийн зээлд эрүүл мэндийн салбарын 5000 ажилтныг хамруулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга хот байгуулалтын яаманд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/1523 дугаар албан бичгээр  хүргүүлсэн. /хуулбарыг хавсаргав/

 

Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, нийгмийн баталгааны чиглэлээр гарсан хууль, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал,“Сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн байгууллагад зөвхөн сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтнийг төгсөлтийн дараах сургалтад түлхүү хамруулах, эмч, сувилагчийг ажлын дулаан хувцас, эрүүл чанартай хоолоор хангах тухай эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн болно. /хуулбарыг хавсаргав/

 

Эрүүл мэндийн яамнаас сувилагчийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр зорилтот арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, бакалаврын ангид сувилахуйн чиглэлээр суралцагчдын тоо, квотыг жил бүр нэмэгдүүлэх, оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжууд бий болгох, туслах сувилагч бэлтгэх, мэргэжлээрээ ажиллахгүй байгаа сувилагчдыг богино хугацааны давтан сургалтад хамруулж лицензжүүлэн ажлын байраар хангах зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд ингэснээр Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод туссаны дагуу нэг эмчид ногдох сувилагчын тоог 2-д хүргэх боломжыг бүрдүүлнэ. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 900 сувилагч (шинэ төгсөгч 700, туслах сувилагч 200), 10 дугаар сарын 01-ний өдрөөс 900 сувилагч  (сувилагч мэргэжлээр өмнө бэлтгэгдсэн нөөцөөс авах 450, шинээр бэлтгэх туслах сувилагч 450) нийт 1800 сувилагчийн орон тоог нэмэгдүүлэхэд шаардагдах 6.5 тэрбум төгрөгийн төсвийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлсэн. Сувилагч мэргэжлээр элсэн суралцагсдын тоог нэмэгдүүлэх зорилгоор  сувилахуйн бакалаврын боловсрол олгох  сургалтын төлбөрийг 50 хувь, туслах сувилагчийн  сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцах санал боловсруулан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

 

  1. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд хамрагдаагүй ажил мэргэжлүүдийг бүрэн хамруулж, 2018 оны 3 дугаар сарын 16-нд ХНХЯ, ЭМЯ-тай хамтран, нийслэл, 21 аймгийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан саналыг бүрэн тусгаж, 2018 оны 3 дугаар улиралд багтаан батлуулж шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаж хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд:

 

            Эрүүл мэндийн төрийн үйлчилгээний ангилал, зэрэглэлд багтаагүй зарим ажил мэргэжил тухайлбал, нягтлан бодогч, асрагч, нярав, тогооч, биологич, амьтан судлагч, шимэгч судлагч, амьтан маллагч, мужаан, слесарь, жолооч, үйлчлэгч нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл /ТҮ/-д хамаардаг бөгөөд энэхүү ангилал зэрэглэлд багтдаг нийт 7503 ажилтан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна. Дээрх ангилал, зэрэглэл /ТҮ/-ийг шинэчлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж байна.

 

       Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарт ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллүүдээс гарсан саналын хариуг тус яамнаас 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1399, 04 дүгээр сарын 30-ны 2/1597 дугаартай албан бичгээр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлсэн болно.

 

  1. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшлыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх эрх зүйн орчин, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл, шаардлагыг шинэчилж, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлагын хүрээнд:

 

Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл, шаардлагыг шинэчлэн, шинээр тогтоох Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/22 дугаар тушаалаар байгуулан ажилласан. Ажлын хэсгээс Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

 

Энэхүү тогтоолоор батлагдсан журмын 1.5 дахь заалтын “10-15 хувь” гэснийг “10-20 хувь” гэж өөрчлөх, мөн нэмэгдэл, мөнгөн урамшлыг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төсөвтөө багтаан олгож, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч байна. Ингэснээр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан сар бүр үндсэн цалингийн 20, улиралд 60 хүртэл хувийн мөнгөн урамшил олгох нөхцөл бүрдэнэ. /хуулбарыг хавсаргав/

 

  1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих санхүүжилтийн 3,2 тэрбум төгрөгөөр ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагын хүрээнд:

 

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн   “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 364 дүгээр тогтоолын дагуу эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зориулж Засгийн газрын нөөц сангаас нэмэлт санхүүжилтийг гаргасан. Эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны 1 дүгээр сарын 01-3 дугаар сарыг дуусталх хугацаанд илүү цагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд олгох илүү цагийн гүйцэтгэлийн тайланг шалган, 502,3 сая төгрөгийн  тайланг Сангийн яаманд 2018 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 4-1/1185 тоот албан бичгээр хүргүүлсэн. Сангийн яам тус тайланг шалган хүлээн авсны дараа эрх нээлгэх хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4-1/1535 тоот албан бичгээр хүргүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 27-нд эрүүл мэндийн яамны нэмэлт санхүүжилтийн дансанд 612,9 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үүнээс: Өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтанд илүү цагийн хөлсөнд  257,5 сая,  аймаг, нийслэлийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн ажилтанд илүү цагийн хөлсөнд  244,8 сая төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сарын 27-ны өдөр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын нэмэлт санхүүжилтийн дансанд  шилжүүлсэн. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн хөлсийг 2018 оны 05 дугаар сарын 05-наас 07-ны хооронд үндсэн байгууллагын дансанд шилжүүлсэн болно. Иймд томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед ажилласан эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсийг бүрэн олгосон.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл