Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хууль 2016 онд шинээр батлагдсанаар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлгээс гадна амаржих газар, нэгдсэн эмнэлэг төгсөлтийн дараахь сургалт эрхлэхээр зохицуулагдсан тул Эрүүл мэндийн яамнаас “Ерөнхий мэргэшил судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтыг нэн тэргүүнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт явуулж, төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагын хүрээг тэлэхээр зорьж байгаа билээ.
Эрүүл мэндийн яамнаас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын чадавхийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ”Ерөнхий мэргэшил судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн төслийг 2017 оны 09 дүгээр сараас эхлэн боловсруулсан бөгөөд уг хөтөлбөрийн төслийг Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний хурлаар хэлэлцүүллээ.
Тухайлбал “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын чадавхийг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки хөтөлбөрийн төсөл боловсруулсан үндэслэл, явцын талаар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Япон-Монголын сургалтын эмнэлгийн Стратеги, төлөвлөлтийн албаны менежер Баттогтох сургалтын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсаны зэрэгцээ Япон Улсын Токушима их сургуулийн Био-анагаахын шинжлэх ухааны төгсөлтийн дараахь сургуулийн Анагаахын боловсролын тэнхимийн профессор Масаши Акаике “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн ач холбогдол, Япон Улс ба бусад улсын туршлагын талаар мэдээлэл хийв.
Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн зүгээс “Ерөнхий мэргэшил судлал"-ын үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг санал нэгтэй дэмжсэн ба уг сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт эхлүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд үүрэг болголоо.
“Ерөнхий мэргэшил судлал” сургалтын хөтөлбөр боловсруулахад хичээл зүтгэл гаргасан ажлын хэсгийн гишүүд болон санал, зөвлөмж өгсөн Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд Та бүхэндээ талархаж буйгаа илэрхийлье:
Ажлын хэсгийн гишүүд:
Б.Баттогтох, АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн стратеги төлөвлөлтийн менежер
Ц.Найдансүрэн, АШУҮИС-ийн Уушиг судлалын профессорын багийн ахлах багш
М.Ундрам, АШУҮИС-ийн Өрхийн анагаахын тэнхимийн багш
Б.Болорчимэг, АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш
Ө.Билгүүн, АШУҮИС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн багш
А.Өсөхбаяр, Нийслэлийн Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч
С.Хишгээ, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, Эх барих, эмэгтэйчүүд судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн
С.Алтансүх, УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч
Ж.Гэрэлмаа, ЭХЭМҮТ-ийн Сургалтын албаны дарга
Л.Анхбаяр, УНТЭ-ийн Зүрх судасны тасгийн эмч
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл:
Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг
Яаралтай тусламж судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Ө.Билгүүн
Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Ариунцэцэг
Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Мягмарцэрэн