Америкийн Нэгдсэн улс-Сэлэнгэ аймгийн хамтарсан "Сүрьеэгүй Сэлэнгэ" хөтөлбөрийг дэмжих сургалт, хэлэлцүүлэг 2018 оны 04 дүгээр сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж 500 гаруй хүнийг хамрууллаа.
Аймгийн ИТХТ-н баталсан “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг дэмжиж, АНУ-ын цэргийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 8 хоног ажиллаад буцлаа.
Эдгээр эмч, мэргэжилтнүүд Сэлэнгэ аймагт ажиллах хугацаандаа Сүрьеэ өвчнийг бууруулахын тулд хэрхэн, ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа талаар дүгнэлт хийж, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөмж, мэдээлэл өгч ажиллалаа.
Сургалтыг 2 орны судалгаан дээр суурилан эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид, ард иргэдэд гэсэн хуваарийн дагуу явуулсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй 7 орны нэгт Монгол улс багтдаг гэсэн байдаг. Тэгвэл хүн ам цөөтэй улсын хувьд энэ нь маш анхаарал татсан асуудал юм гэдгийг уг сургалтаар тодотгон дурдлаа.
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд хэлэхдээ “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байгааг тэмдэглээд ард иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэйг хэллээ. Мөн Сэлэнгэ аймгийн 11 суманд явагдаж дуусаад байгаа “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг” нь удахгүй үр дүнгээ өгөх сайхан арга хэмжээ болсныг дурдаад ирэх намар зохион байгуулагдах үзлэгт баг болж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Ингээд сургалтын сүүлийн 3 хоногт Америкийн Нэгдсэн улс - Сэлэнгэ аймгийн хамтарсан баг Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг сумын нийт 400 гаруй ард иргэдэд хүрч очин Сүрьеэгийн талаархи мэдлэг олгох сургалтыг зохион байгуулснаар энэхүү арга хэмжээ өндөрлөлөө.
“Сүрьеэгийн Сэлэнгэ” хөтөлбөрийг Дэлхийн хэмжээнд дэмжиж, хамтран ажиллах болсонд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан бид баяр талархалтай байна.
Сүрьеэгүй Сэлэнгийн төлөө бид хамтдаа