Өмнөговь аймаг нь нийгэм-эдийн засгийн хөгжил хурдацтай явагдаж байгаа, хүн амын 35 хүртэлх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг, хөдөлгөөнт хүн ам нь суурин хүн амын тоотой бараг тэнцүү болсон, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа зэрэг өвөрмөц үзүүлэлттэй аймгаас гадна тус аймгийн суурин болон хөдөлгөөнт хүн амын дунд халдварт, халдварт бус өвчлөл, НҮЭМ-ийн үзүүлэлт бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлттэй, орчны эрүүл мэндийн нөлөөлөл ихтэй аймгийн нэг юм.
Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр орон нутгийн засаг захиргаа, төрийн захиргааны байгууллагууд, Монгол дахь НҮБ-ууд, Монгол дахь Австралийн ЭСЯ, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан зэрэг байгууллагууд хамтран “Нэгдсэн хөтөлбөр” боловсруулж, 2018-2021 онд хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол, нээлтийн арга хэмжээ боллоо. Тус нээлтэд Эрүүл мэндийн яамны ТНБ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц, Өмнөговь аймгийн Засаг дарга, Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, НҮБХАС, ДЭМБ, ЭМЯ, ХЗДХЯ, ХНХЯ/онлайн/, НҮБХС/онлайн/, Ханбогд сумын Засаг дарга болон аймгийн ЗДТГ, ЭМГ-ын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Түүнчлэн Нэгдсэн хөтөлбөрийн Удирдах зөвлөл хуралдаж, Удирдах зөвлөлийн дүрэм, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Техникийн ажлын хэсгийн бүрэлдэхүүний төслийг хэлэлэн шийдвэрлэв.
Томилолтын хугацаанд ЭМЯ-ны бүрэлдэхүүн аймгийн ЭМГ-ын удирдлагуудтай хамтран Нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилга, тулгамдсан асуудал, дутуу нярайн нас баралтыг бууруулах эмчилгээг сайжруулах талаар аймгийн хүүхдийн тусламж, үйлчилгээ хариуцсан дарга, мэргэжилтэнүүдтай уулзалт зохион байгулж, зөвлөмжөөр хангаж ажиллав.