Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр (2018-2021)-ийг эцэслэн батлах хурал өнөөдөр НҮБ-ын байранд боллоо.
Уг хуралд Нэгдсэн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талууд болох НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ЭМЯ, ХНХЯ, БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, АШУҮИС, Оюу толгой компаний төлөөлөл, олон улсын болон орон нутгийн байгууллагын ажилтнууд оролцов.
Хурлыг нээж НҮБХАС-ийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нар үг хэлэв.
Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ уул уурхай, нийгэм-эдийн засгийн хөгжил хурдацтай явагдаж байгаа, нийт хүн амынх нь 35 хүртэлх хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлдэг, хөдөлгөөнт хүн ам нь суурин хүн амынхаа тоотой бараг тэнцүү зэрэг өвөрмөц үзүүлэлттэй, халдварт болон халдварт бус өвчлөл харьцангуй өндөртэй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлт, орчны эрүүл мэндийн нөлөөлөл ихтэй Өмнөговь аймагт НҮБ-ын агентлагууд, Австралийн Элчин Сайдын яам, орон нутгийн засаг захиргаа хамтраад аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлэхээр болсонд талархалтай байгаагаа илэрхийлээд хөтөлбөрийн баримт бичгийг үе шаттай хэлэлцүүлсний дүнд эцэслэн батлахаар өнөөдөр хуран цугласанд баяртай байгаагаа тэмдэглэн хэлэв”.
Нэгдсэн хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарыг НҮБ-ын Хүн Амын Сангийн Шадар суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Илиза танилцууллаа. Танилцуулгад дурьдсанаар “Нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2021 он гэхэд Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучууд, өсвөр насныхны эрүүл мэнд сайжирсан байна” гэж зорьж байгаа ба уг зорилгод хүрэхийн тулд хэмжигдэхүйц эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг шалгуур болгон тавьсан байна. Тухайлбал: эхийн эндэгдлийн түвшинг 2016 оны суурь үзүүлэлттэй харьцуулахад 2021 он гэхэд 100,000 амьд төрөлтөд 212.9-өөс 60 хүргэж бууруулах; өсвөр насны охид (15-19 нас)-ын төрөлтийг 24-өөс 20 болгож бууруулах; зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтын түвшинг 10,000-д 7.2-оос 5 хүргэж бууруулах зорилтууд тавигдсан байна.
Нэгдсэн хөтөлбөрийг танилцуулсны дараа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилтууд, хүлээгдэж буй үр дүн, түүний шалгуур үзүүлэлтүүдийн талаар хуралд оролцогсод хэлэлцэж, санал солилцов.
Хөтөлбөр 4 жилийн хугацаанд Өмнөговь аймагт хэрэгжих ба Хөтөлбөрийг бодлогын зөвлөмжөөр хангаж ажиллах Удирдах хороонд Өмнөговь аймгийн ЗДТГ, Ханбогд сумын ЗДТГ, Австрали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын ХАС, ХС, ДЭМБ, ЭМЯ, ХНХЯ, ХЗДХЯ, БСШУСЯ, Оюу Толгой компаний төлөөлөл орж ажиллах юм.