
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсын Токио хотноо 2018 оны 4 дүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Өвчтөний аюулгүй байдлын асуудлаархи Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтад оролцоод ирлээ
Энэ удаагийн уулзалтад нийт 43 орны төлөөлөл, 20 гаруй улсын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд нар, 6 Олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Чуулга уулзалтыг нээж Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Като Кацунобу үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ өвчтөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэлхий нийтэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд ихээхэн ахиц дэвшил гарч байгааг цохон тэмдэглээд энэ удаагийн чуулга уулзалтаар өвчтөн-төвтэй, өвчтөний оролцоог хангах асуудлыг тусламж үйлчилгээний бодлого, шийдвэрт тусгуулах, өвчтөний аюулгүй байдлын асуудал нь бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтын салшгүй нэг хэсэг болох тухай нэгдмэл ойлголтод хүрэх, өвчтөний аюулгүй байдлын асуудлаархи дэлхий нийтийн чиг хандлагыг шинэ шатанд гаргахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байгааг онцлон хэллээ.
Чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан дугуй ширээний хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өвчтөний аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав. Тэрээр Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичигт эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах, мөн чанар аюулгүй байдлыг сайжруулах асуудлыг эн тэргүүнд авч үзсэн бөгөөд үүнд өвчтөн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр зарим арга хэмжээ тусгагдсан болохыг тэмдэглэн хэлэв.
Чуулга уулзалтын төгсгөлд чуулга уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд, Дэд сайд нар Өвчтөний аюулгүй байдлын асуудлаархи Токиогийн тунхаглалыг баталлаа.
Уг тунхаглалд өвчтөний аюулгүй байдлыг хангахад улс төрийн өндөр түвшний дэмжлэг, эрмэлзлэлийг хадгалж, дэлхийн улс орнууд, үүн дотроо бага болон дунд орлоготой улсуудад чадавхи бэхжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад гаргаж буй хүчин чармайлтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөрүүдэд өвчтөний аюулгүй байдлын асуудлыг тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгох, улсын болон хувийн салбарын эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжих, өвчтөн төвтэй тусламж үйлчилгээг дэмжих, өвчтөний аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэхэд удирдлага манлайллын чадавхийг бэхжүүлэх болон жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг Өвчтөний аюулгүй байдлын Дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх асуудлууд тусгагдсан болно.
Энэхүү чуулга уулзалт нь өвчтөний аюулгүй байдлыг хангахад өндөр түвшний мэргэжилтэн, шинжээчид, шийдвэр гаргагчидтай харилцан мэдлэг, туршлага солилцох, олон улсын түвшинд хүрсэн нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргахад чухал түлхэц боллоо.