Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр 1995 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр байгуулагдснаас хойш одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах уламжлалт хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд сэргэж, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр нэлээд олон тооны эмч мэргэжилтнүүд ОХУ-д онол, дадлага хосолсон сургалтад хамрагдаж байна. Тухайлбал:
ОХУ-ын Москва хотын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинаталогийн төвийн сургалтын төвд эх барих, эмэгтэйчүүд, нярайн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, перинатологийн эмч нарыг багаар нь сургах ажил ихээхэн үр дүнтэй явагдаж, 2012-2015 нийт 49 эмч тус тус мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтанд хамрагдсан. 2017 онд зохион байгуулагдсан “Эх барихын яаралтай тусламж” сэдэвт сургалтад ЭМЯ, ЭХЭМҮТ, нийслэлийн амаржих газрууд, зарим аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүд, нярайн сэхээний 10 эмч нар хамрагдсан.
Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн хугацаатай онол, дадлага хосолсон сургалтанд 2012-2015 онд нийт 38 эмч хамрагдсан. 2017 онд зохион байгуулагдсан “Хүүхдийн өвчин ба халдварт өвчин судлал” сэдэвт сургалтад ЭМЯ, харьяа эмнэлгүүд, зарим аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн 10 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан.
Түүнчлэн 2017 онд Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний үндэсний төвд зохион байгуулагдах хүүхдийн яаралтай тусламжийн сургалтад 15 хүүхдийн эмч, мэргэжилтнүүд суралцсан.
Эдгээрийн зэрэгцээ хоёр улсын эрүүл мэндийн байгууллагууд хооронд эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал:
Тус яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) нь ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Эрхүү хот дах Халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн болон ОХУ-ын Москва хот дахь Н.Ф.Гамалейн нэрэмжит халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх, мэдээлэл солилцох, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр төслүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүдээр гэрээ байгуулан нягт хамтран ажиллаж байна.
2018 оны 2 дугаар сард тус яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналтын холбооны газар хооронд тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулж, идэвхтэй хамтран ажиллаж байна.