
Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 20 жилийн хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр 10 гаруй хөтөлбөр, стратегийг үе шаттай хэрэгжүүлсэний үр дүнд бид эх, хүүхдийн эндэгдлийг 1990 оны түвшингээс 2015 онд 4 дахин бууруулж, Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн. Гэвч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх, хүүхдийн эндэгдлийн харьцаа өндөр байна.
Эх, хүүхдийн эндэгдэлд өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдралын нөхцөл, төв суурин газраас алслагдсан байдал, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал нөлөөлж байна.
Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эх, хүүхдийн эрүүл мэнд, дархлаажуулалт, хүүхдийн хоол тэжээл, хөхөөр хооллолт, өсвөр үеийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, сэргийлж болох эндэгдлийг бууруулах чиглэлээр олон жил хамтран ажилласан.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ эх, хүүхдийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах; ус хангамж, ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангах замаар өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 5 дахь удаагийн улс орны хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд ирэх 5 жилд эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, өсвөр үеийн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүй, дархлаажуулалт, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, агаарын бохирдол зэрэг олон чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн уулзалтаар 2017/2018 онд хамтран хэрэгжүүлэх “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй, хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл, учирч байгаа бэрхшээлүүдийг хамтран хэлэлцэж, санал солилцлоо.