Өнөөдөр тохиож буй Дэлхийн эмч нарын өдөрт зориулан эмч болохоор суралцаж байгаа оюутнууд, залуу эмч нар болон резидент эмч нарт зориулан Эмч хэмээх энэхүү эрхэм алдраараа бахархаасай, хийж бүтээхийн улам их урам зоригийг аваасай хэмээн нэгэн эрхэм хүний лекцийг ЭМЯ, ЭМХТ зохион байгууллаа. Энэ хүн бол Ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, УНТЭ-ийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Зөвлөх эмч, АШУ-ны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн юм.
Түүний “Зорилготой амьдрал амжилтанд хүргэнэ.” лекцийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “Ийм чадвартай, сэтгэлтэй эрдэмтэн, профессорууд бүх эмнэлгүүдэд олон олноороо байгаасай гэж хүсч байна. Та бүхнийг үүний төлөө хичээгээсэй, их юм суралцаасай гэж хүсч байна” гэлээ.
О.Сэргэлэн доктор лекцэндээ “Хэн ч гавьяат болно, дэлхийн шилдэг мэс засалч болно гэж мөрөөддөггүй гэвч сайн эмч болж, хүний төлөө сайн сайныг бодож, мөрөөдөн, хийж хэрэгжүүлж явбал та бүхэн түүнд хүрэх болно” гэж оюутан залуустаа ихийг сурч, байнга суралцаж байхыг хүслээ.
Лекцэнд 300 орчим хүн оролцож, сонирхолтой сайхан болсонд сэтгэл хангалуун байлаа.