Аймгийн хэмжээний хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг судлах, нотолгоонд суурилсан тусламж үзүүлэх, эмч мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ур чадварыг сайжруулах зорилгоор олон улсын эмч нарын өдрийг угтаж эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
Хурлын шүүгчээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эх барихын танхимын багш Анагаах ухааны Доктор Б.Болормаа, Халдвартын танхимын багш Анагаах ухааны Доктор В.Нямцэнгэл, “Амгалан- Өргөө” амаржих газрын нярайн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны Доктор Л.Тунгалаг нар ажиллаа.
Хуралд зочин илтгэл 3, нийгмийн эрүүл мэндийн 3, эмнэл зүйн 11 илтгэл тавигдаж, 1-р байрыг нэгдсэн эмнэлгийн эмгэг судлаач эмч Х.Буяндэлгэр нарын “Умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх эс судлалын шинжилгээний асуудал” илтгэл, 2-р байрыг Поликлиникийн хэт авиан оношлогооны эмч Б.Мөнхзаяа нарын “Хэвлийн хэт авиан шинжилгээгээр түрүү булчирхайн томролын хэмжээг шээс дамжуулах доод замын сааталтай холбон судласан үр дүн” илтгэл, гуравдугаар байрт дотрын эмч С.Оргил нарын “Дархан-Уул аймгийн иргэдийн цусны ийлдсэн дэх Д Витамины хэмжээг тодорхойлсон үр дүн” илтгэл, тусгай байранд мэс заслын эмч Х.Тулгаа нарын “Хүүхдийн цавины ивэрхийг хэвлийн дурангаар, зүүний тусламжтайгаар засах шинэ аргачлал” илтгэл, хувийн хэвшлийн Харзтай эмнэлгийн эмч Э.Оршихбаяр нарын “Байнгын араа шүднүүдэд МТА –г ашиглан шүдний зөөлцийг тайрах эмчилгээг хийсэн үр дүн” илтгэл шалгарлаа.
Энэхүү хурлыг Дархан-Уул аймгийн “Энхийн тун” эмийн сан, Монос ХХК-ын эм ханган нийлүүлэх байгууллага ивээн тэтгэсэн ба ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хурлын үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ эмч нарын эрдэм судлалын ажлын чанар жилээс жилд сайжирч, судлаач эмч нарын тоо нэмэгдэж байгааг онцлоод, судалгаа шинжилгээний бодит үр дүнг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай болгох, зөв төлөвлөж зохион байгуулахад ашиглах нь чухал гээд цаашид шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх төслийг дэмжих тул судалгааг багаараа хийх, эмч нар улам хичээж ажиллахыг хүсэв.
Энэ удаагийн хурлыг нэр хүнд бүхий Анагаах Ухааны Докторууд шүүж судалгаа шинжилгээний ажилд анхаарах зүйлүүдийг зөвлөж хэлсэн, төр, хувийн хэвшлийн эмч нар эрдэм судлалын бүтээлээр өрсөлдсөн, бие биенээсээ суралцаж эрдэмшсэн үйл ажиллагаа болж чадсанд эмч нар өндөр сэтгэгдэлтэй байна.