Налайх дүүрэгт өнгөрсөн оны 4 сард хүүхдийн эмнэлгийн шавь тавьж 5 сарын дотор ашиглалтад оруулж эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсөн юм. Тус эмнэлгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар Хангарьд-Улаанбаатар ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Энэ үеэр хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн нэг сая юанийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэсэн тухай дуулгаж байсан юм. Уг амлалт өнөөдөр хэрэгжиж налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт Нярайн инкубатор, хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, нярайн шаралтын фото аппарат, монитор, дуслын болон тарианы автомат шахуурга, нярайн шар хэмждэг багаж зэрэг 201 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Нэг дор 50 гаран хүүхэд хэвтэн эмчлүүлүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Ашиглалтад орсноос хойш 5 сарын хугацаанд нийт 1100 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Түүнчлэн хүлээн авахаараа 5000 орчим хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Энэхүү үйл ажиллагаанд ЭМ-ын дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зэрэг албаны хүмүүс оролцлоо.