Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан “Томуу томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдал”-д хяналт, үнэлгээ хийх хуваарийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Г.Оюунцэцэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн С.Энхжин, О.Гантулга нар Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг, 17 дугаар хорооны “Мөнгөлөнгөө” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллав. Баянгол дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн 230 ор ажиллуулж байгаагаас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 215 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хүрэлцээтэй байгаа талаар хүүхдийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн орчлогч дарга Б.Болормаа танилцуулав.
2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүүхдийн хүлээн авах тасагт 57 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, 49 хүүхдийг хэвтүүлэн, 8 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байна. 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн байдлаар хүлээн авах тасгийн ачаалал бага, хүлээгдэлгүй байсан ба 1 хүүхдэд их эмч Х.Дунгармаа, сувилагч Цолмон нар тусламж, үйлчилгээ үзүүлж байв. Хүлээн авах тасгийн 2018 оны 02 дугаар сарын 19-25-ны өдрүүдийн мэдээгээр нийт 208 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 164 нь томуу, томуу төст өвчин, уушгины үрэвсэлтэй оношоор эмчлэгдсэн байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 84%-ийн 0-5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч нартай уулзахад эмчилгээ, үйлчилгээ сайн байгаа тухай хэлж байв. Мөн өдрийн 17 цагийн байдлаар “Мөнгөлөнгөө” өрхийн эрүүл мэндийн төвийн хүлээлгийн танхимд үйлчлүүлэгчгүй, өдөртөө 30 хүүхдэд үзлэг, оношилгоо хийгдсэн байв.