Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг тус хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхтуул, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Хишигбаяр нар шинийн 2-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн тавдугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинийн нэгний өдөр 105 хүүхэд үйлчлүүлснээс 16 хүүхэд эмнэлэгт хэвтсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн хүүхдүүдийн ихэнх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, амьсгалын замын өвчтэй байсан. Тус эмнэлэгт 82 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж сайн, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн байна.
Шинийн 2-ны өдрийн 10 цагийн байдлаар 11 хүн үйлчлүүлээд байсан. Үүнээс насанд хүрэгч 2, тав хүртэлх насны хүүхэд 9 байв.
Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны Хасагт-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахад өрхийн эрүүл мэндийн төв 10 цагаас 16 цаг хүртэл ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус өрхийн эрүүл мэндийн төвд шинийн 02-нд 3 хүн үйлчлүүлснээс 0-5 насны 2 хүүхэд, 1 насанд хүрэгч үзүүлсэн, томуу томуу төст өвчтэй 2 хүүхдэд гэрээр эмчилгээ бичсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.