Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Эмчилгээний дараах хяналтын төвийн нээлтийн арга хэмжээ 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, хоёр улсын ЭМЯ-д, Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн болон төслийг хамтран хэрэгжүүлэгч эмнэлгүүдийн удирдлага, төлөөллүүд оролцлоо. Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн иргэдэд үйлчлэх Эмчилгээний дараах хяналтын төв байгуулах төслийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Солонгосын Сөүл Гэгээн Мария эмнэлэг, Чежү Үндэсний их сургуулийн эмнэлэг, Самсунг Эрүүл мэндийн төв, Бит компьютер компани хамтран туршилтын хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд цаашид бусад эмнэлгүүд хамрагдах боломжтой болох юм. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарт телемедицин, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг ашиглан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь анхаарал татсан, шийдвэрлэвэл зохих нэн чухал асуудлын нэг мөн болохыг онцлон тэмдэглээд энэхүү төв ашиглалтад орсноор Солонгос улсад оношилгоо, эмчилгээ хийлгэсэн манай улсын иргэд маань зардал чирэгдэл багатайгаар эмчилгээний дараах хяналт, зөвлөгөө, үйлчилгээг үргэлжлүүлэн авах таатай нөхцлийг бүрдүүлж байгаад талархал илэрхийллээ.
Мөн тэрээр уг төв нь хоёр улсын эмч мэргэжилтнүүд оншилгоо, эмчилгээний сүүлийн үеийн, дэвшилтэт арга технологи, техник, тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээний стандарт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй “ноу-хау”-гаас суралцах, харилцан мэдээлэл туршлага солилцож, мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.