Монгол улсын хэмжээнд 40 үндэсний эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас дуслын шингэн, тарилгын, шахмал эм, уламжлалт эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр үйлдвэрүүд нь давхардсан тоогоор нийт 1469 нэр төрлийн европ болон уламжлалт эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөтөлбөр, ЭМЯ-ны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэж, ургамал, амьтан, эрдсийн гаралтай уламжлалт эм, импортыг орлох зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэл, “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ийн түвшинд хүргэх, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх талаар тусгагдсан.
Монгол улс 2005 онд анхны GMP-ийн үндэсний стандартыг боловсруулан баталсан бөгөөд 2011, 2014 онд шинэчлэн баталсан стандарт нь ДЭМБ-ын GMP удирдамжийн түвшинд боловсруулагдсан. 2014-2017онд 3 эмийн үйлдвэр үндэсний GMP-ын гэрчилгээ авсан. Өнөөдөр Аивико дуслын шингэний эмийн үйлдвэр нь их, бага эзэлхүүнтэй шингэн эмийн хэлбэр, Энхийн шүүдэр дуслын шингэний эмийн үйлдвэр нь их эзэлхүүнтэй дуслын шингэний эмийн хэлбэрт үндэсний “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ийн батламж авах буюу хугацаа сунгах шаардлагыг хангасан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ЭМС-ын 2017 оны А/348-р тушаал “Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын батламж олгох журам”, ЭМС-ын 2018 оны А/10-р тушаал “Батламж олгох тухай”-ыг тус тус үндэслэн Аивико, Энхийн шүүдэр дуслын шингэний эмийн үйлдвэрт үндэсний “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ын батламж олгож байна. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн ам, эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж үйлчилгээнд аюулгүй, чанарын баталгаатай үндэсний эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах ажилд нь өндөр амжилт хүсье.