ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Дотны туслагч” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой тус эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдсэн зүйлгүй, хүлээгдэл, чирэгдэлгүй хэвийн ажиллаж байгаа талаар танилцуулав.
Тус нэгдсэн эмнэлэг 125 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нэмэлтээр ор дэлгэн 250 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 96 хүүхэд эмчлүүлж байна. Томуугийн дэгдэлтийн үед нэмэлт ор дэлгэх, хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэгт 13 эмч ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна. Томуугийн өвчлөл буурсантай холбоотой 2018 оны 01 дүгээр сарын 15-наас нэмэлтээр ажиллуулж байсан эмч нараа татсан.
“Дотны туслагч” өрхийн эрүүл мэндийн төв нь СБД-ийн 11 хорооны 18 600 хүн ам, түүний дотор 5 хүртэлх насны 1558 хүүхдэд ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. СБД-ийн 11 хороо нь 100 айл орчимд байрладаг тул утаа, тоосжилт ихтэй. Шинээр орон сууцны хороолол ашиглалтад орсоноор хорооны хүн амын тоо нэмэгдсэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд зохион байгуулалтын хувьд анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар, мөн тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хуваарийн дагуу илүү цагаар ажиллаж байгаа боловч томуу, томуу төст өвчлөлийн улмаас хандаж байгаа иргэд бага байгаа талаар ӨЭМТ-ийн дарга Ч.Цэрэндулам мэдээлэв.