Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу "Шинэ жилийн баярын үеэр Эрүүл мэндийн яамны харъяа болон дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд хяналт тавих" зорилгоор ажлын хэсгийнхэн өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ажиллалаа.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь хүүхдийн 80 ортой бөгөөд нэмэлт 20 гаран ор дэлгэж ажиллаж байгаа бөгөөд тасгийн эмч нар үзлэгийг хийж, орны ачаалал болон хүлээгдэл үүсгэхгүй ажиллаж байна. 11 цаг 30 минутын байдлаар нэгдсэн эмнэлэг 89 хэвтэн эмчлүүлэгч хүүхэдтэй, нийт 13 хүүхэд яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж 2 хүүхэд тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 165 хүүхдийн ортой бөгөөд нэмэлтээр 50 гаран орыг дэлгэн ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 192 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн тасагт 3 эмч, 2 сувилагчийн баг эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд өдрийн 13 цаг 30 минутын байдлаар яаралтай тусламжийн тасгаар нийт 40 хүүхэд үйлчлүүлснээс 7 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хуваарийн дагуу ажиллаж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь 24 цагийн турш хүүхдийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд Хүүхдийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт 277 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн эмнэлгийн хувьд орны зохион байгуулалтыг хийж орны ачаалал үүсгэхгүй ажиллаж байгаа бөгөөд нэмэлт эмч нар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн 2 эмч, резидент 4 эмч болон 3 сувилагчийн баг яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлж ажиллаж байгаа бөгөөд 16 цагийн байдлаар 89 үзлэг хийснээс 15 хүүхэд хэвтэн эмчлүүлэхээр болсон байна.