Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн 5 дугаар хуралдааны дараагаар “Сөүл Төсөл’-ийн эмнэл зүйн сургалтыг төгсөгчдийн хамтарсан оройн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён У Сун, хоёр улсын Эрүүл мэндийн Дэд сайд нар болон яамдын төлөөлөл, Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн, “Сөүл Төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч хоёр улсын эмнэлгүүдийн удирдлагууд болон эмнэл зүйн сургалтад хамрагдсан эмч нар оролцов.
Энэхүү арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Сөүл Төсөл” хэрэгжсэнээр хоёр улсын Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин батжихын зэрэгцээ хоёр улсын эмнэлгийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүдийн хооронд мэргэжлийн болон найз нөхдийн нөхөрсөг харилцаа бий болж, манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.
Арга хэмжээний үеэр хоёр талын эмнэлгүүдийн төлөөлөл илтгэл тавьж, шилдэг суралцагч, шилдэг эмнэлгүүдэд өргөмжлөл гардуулах болон бусад үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн “Сөүл Төсөл”-ийн хүрээнд Монгол эмч, мэргэжилтнүүдийг эмнэл зүйн сургалтанд сургаж, зочин профессорын хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаа Солонгосын эмнэлгүүдэд хүндэт өргөмжлөл гардуулж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв.
Мөн Солонгосын Эрүүл мэндийн Дэд сайд Квон-деок Чёл 2018 оны эмнэл зүйн сургалтад амжилттай суралцаж, шилдэг суралцагчаар шалгарсан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Д.Ариунтуяа, Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч М.Батмөнх нарт өргөмжлөл гардуулав.
“Сөүл Төсөл’-ийн эмнэл зүйн сургалтыг төгсөгчдийн хамтарсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.