Томуу, томуу төст өвчин, салхин цэцэг, улаан эсэргэнэ өвчний оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний талаар 21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, халдвартын эмч, хүүхдийн эмч, өрхийн эмч нарт цахим сургалт зохион байгуулав. Цахим сургалтаар томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, зонхилон тохиолдож байгаа вирүсийн халдваруудын эмнэл зүйн онцлог шинж, оношилгоо, эмчилгээний зөвлөмжийн талаар ЭХЭМҮТ-ийн их эмч О.Солонго, салхин цэцэг, улаан эсэргэнэ өвчний оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн их эмч Б.Батсүх нар мэдээлэл хийв. Цахим сургалтад ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Чанарын албаны дарга, мэргэжилтэн, хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч нар оролцлоо.
Цахим сургалтын төгсгөлд ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
- “Томуу, томуу өст өвчний тархалтын үед баримтлах оношилгоо, эмчилгээ, зөвлөмж” зайн сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулах,
- Уг сургалтад хүүхдийн эмч, халдвартын эмч, өрхийн болон түргэн тусламжийн эмч нарыг хамруулах,
- Өвөлжилт хүндэрч болзошгүй орон нутаг, отор нүүдэл хийж байгаа айл өрхийн жирэмсэн эх, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг 14 хоног тутамд гаргаж гэрийн идэвхтэй эргэлтийг зохион байгуулах,
- Эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх,
- Багаар ажиллах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа.