Лос Анжелесын Калифорны их сургууль дээр зохион байгуулагдсан “ Тархины харвалт, коллатерал урсгалын оношлогоо, эмчилгээний байдал” сэдэвт олон улсын их хуралд 2017 оны 11 сарын 3-ны өглөө 7 цагт интернет Webex системийг ашиглан, УНТЭ-ийн Мэдрэлийн төвийн зөвлөх эмч Р.Амарбаясгалан тэргүүтэй мэдрэлийн эмч нарын судлаачдын баг ”Cerebral micro bleeds among patients with chronic vessels disease of brain” сэдэвт илтгэлээр амжилттай оролцон, өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулав. Олон улсын энэ их хуралд тус баг нь гурав дах удаагаа оролцож байгаа юм байна. Монгол орны хүн амын дунд тархины харвалт, нас баралт их, эмчлэх асуудал төгс биш байгаа хүн амыг урьдчилан сэргийлэх, эмчилгээний асуудлыг шийдэхэд энэ судалгааны ажил ач холбогдолтой ажээ. Цусны даралт ихэддэг, тархины судасны архаг эмгэгтэй, тархинд харвалт өгсөн ба өгөөгүй, янз бүрийн насны хүсүүсийн дунд MRI хийхэд жижиг судасны харвалт их илэрч байгааг судалсан. Энэ нь цаашид цус шингэлэх эмийг хэрэглэх, тархины шигдээс өгөх үед бүлэн хайлуулах эмчилгээ хийх асуудлыг шийдэх, уг өвчтний эрүүл мэндийн байдлыг тогтоох, харвалт өгсөн бол дахин харвалт өгөх магадлалыг тогтооход тархины жижиг судасны эмгэг, үүнээс үүдэлтэй жижиг харвалтыг тодорхойлох нь чухал үүрэг гүйцэтгэх юм байна.