Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн нүдний зөвлөх Др Андреас Мьюллер Монгол Улсад 2017 оны 11 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд ажиллаж байгаатай холбогдуулан сул хараатай иргэдэд үзүүлэх нүдний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжилтнүүд санал солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нүдний эмч нарын нийгэмлэг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын нүдний эмч нар, Хараагүйчүүдийн холбооны төлөөлөл оролцлоо.
Тус уулзалтаар сул хараатай иргэдийн хэрэгцээ, шаардлагад бүхий л бололцоогоор туслах, амьдралын чанарт нөлөөлөх ач холбогдолтой сул харааны тусламж, үйлчилгээг Монгол улсад бий болгох, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад чиглэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын байгууллагатай хэрхэн хамтарч, уялдаа холбоог ханган ажиллах талаар хэлэлцэн, сул харааны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл ажлыг ханган ажиллахаар боллоо. 2015 онд хийсэн “Зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаанаас хархад 50-иас дээш насны 15 мянган иргэнд сул харааны үйлчилгээ авах шаардлагатай байна гэсэн тоон мэдээлэл байдаг.