Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др.Сергей Диордица Сайд Д.Сарангэрэлд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай олон жил хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд ДЭМБ эрүүл мэндийн асуудлаарх НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хувьд эрүүл мэндийн техникийн асуудлуудаар Засгийн газарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг тухай танилцуулав. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ыг үндэсний бодлогодоо тусган хэрэгжүүлж байгаад, мөн өнгөрсөн сард болсон ДЭМБ-ын Бүсийн захирлын айлчлалын үеэр байгуулсан МУЗГ-ДЭМБ-ын 2017-2021 оны хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ бодлогын баримт бичгүүдтэйгээ уялдуулан тодорхойлсонд Улсын Их Хурлын гишүүн, маш эрч хүчтэй хүнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.
Энэ үеэр Сайд хэлсэн үгэндээ ДЭМБ, МУЗГ, тэр дундаа ЭМЯ-ыг дэмжин, эрүүл мэндийн асуудлаар мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладагт талархал илэрхийлээд салбарын бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэн ажиллахаа мэдэгдэв. Тэрбээр, эрүүл мэндийн салбарт баримтлан ажиллах тэргүүлэх 5 чиглэлээ ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчид танилцуулаад, дурдсан тэргүүлэх чиглэлүүд МУЗГ-ДЭМБ-ын 2017-2021 оны хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгалаа олсон байгааг харахад таатай байгаагаа онцолсон юм. Мөн ажлаа эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилчды цалин урамшууллын асуудалд анхаарч, холбогдох талуудтай хэлэлцээр хийхээр эхлүүлснээ хэлээд цаашид салбарын ажиллагсдын ажлын бодит үнэлгээ, хэм хэмжээг тогтоох, энэ чиглэлийн аргачлал, зөвлөмж дутмаг байдгийг дурдаад ДЭМБ-ын зүгээс уг асуудлаар судалгаа хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийг хүслээ.