Сүүлийн жилүүдэд Монгол улсын Засгийн газар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахын тулд идэвхитэй арга хэмжээ авч эхэлсэн. Үүнтэй холбоотой Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.
Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл нь Монгол Улс, Япон Улсын засгийн газар хоорондын гэрээнд үндэслэн 2015 оны 5 сараас эхэлж 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийн үйл ажиллагаа нь голчлон эмч нарт чиглэсэн ба төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулснаар анхан ба хоёр дахь шатлалын эмнэлэгт үзүүлж буй тусламж үйлчилгээ сайжирна гэж үзэж байна.
Төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулахын тулд эмнэл зүйн сургагч багшийг чадавхижуулж, тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа билээ. “Эмнэлзүйн сургагч багш” нь сурган заах арга эзэмшсэн удирдагч багш байх ба Япон Улсад төгсөлтийн дараах эмнэлзүйн эхний 2 жилийн сургалт болон резидентийн сургалт явуулахад томоохон үүрэг хүлээн ажилладаг. Төслийн үйл ажиллагааны хүрээнд Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургалт удирдагч багшийн сургалт” –ын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын нөхцөл байдалд тохируулж 3 өдрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан.
ЭМЯ, ЭМХТ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулах нийт 23 “Чиглүүлэгч багш” бэлтгэсэн. Энэ удаа бэлтгэгдэсэн чиглүүлэгч багш нар болон ЖАЙКА төслийн удирдагч багш нар хамтран өмнө нь сургагч багшийн сургалтад хамрагдсан 136 хүнээс 24 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сонгож шинээр “Чиглүүлэгч багш”-аар бэлтгэж байна цаашид эдгээр чиглүүлэгч багш нар төслийн хугацаанд тус сургалтыг ЭМХТ-тэй хамтран зохион байгуулах юм.