Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500,000 гаруй хүүхэд сохорч байгаа нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг болсоор байна. Монгол улсад хийгдсэн судалгаагаар (2002) хүүхдийн сохролын тархалт нь 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага мэт боловч хүүхдийн катарактын сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд (5-6/100,000) байна. Иймд хүүхдийн хараа хамгаалах асуудлыг “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгасан.
Хүүхдийн нүдний эмгэгийн анхан шатны тусламж үйлчилгээний нэн чухал асуудал нь 0-18 насны хүүхдэд нүдний эмгэгийн анхан шатны үзлэг хийж, нүдний эмгэгийг эрт, илрүүлэн, хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлэг рүү хугацаа алдалгүй илгээж, эмчлэх нь явдал юм. Иймээс хүүхэд бүрийн нүдний харааг шалгаж, хараа муутай, сул хараатай хүүхдийг эрт илрүүлэн, оношилж эмчлэх нь цаашид хүүхдийн сул хараа, сохролоос сэргийлэхэд зайлшгүй чухал байна.
Манай оронд 1987 оноос хүүхдийн нүдний тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлж эхэлсэн ба ЭХЭМҮТ-ийн 20 ортой Нүдний мэс заслын тасаг, Хүүхдийн нүдний үзлэгийн 3 кабинет нь улсын хэмжээний хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг хариуцаж ажиллаж байна.
ЭМЯ, ЭХЭМҮТ ба ОРБИС олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Монголын нүд судлалын шилдэг загвар- Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ төсөл, 2014-2018”-ийн хүрээнд олон улсын өндөр ур чадвартай, хүүхдийн мэргэшсэн нүдний эмч, профессорууд ирж ажилласан бөгөөд манай улсад эмнэлэгт суурилсан хүүхдийн нүдний эмгэгийн оношилгоо, эмчилгээний нэн чухал асуудал нь тухайн эмгэгийг (хүүхдийн нүдний болор цайх эмгэг, нүдний хорт хавдар, нүдний хялар өвчин, нүдний хугарлын гажиг, төрөлхийн даралт ихдэх эмгэг, нүдний гэмтэл, нүдний зовхины буулт гм) эрт илрүүлж, зөв оношилж, зохистой эмчлэх нь нэн чухал болохыг онцлон зөвлөсөн.
Нийт ард иргэдийн дунд хүүхдийн нүдний эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчид нарийн мэргэжлийн нүдний эмчид цаг алдан хандаж, хүүхдийн нүдний оношилгоо, эмчилгээ оройтож байгаагаар илэрч байна.
Иймд цаашид сум, өрхийн эмч, цэцэрлэгийн багш сувилагч нарт хүүхдийн нүдний анхан шатны тусламжийг үзүүлэх, хараа шалгахад шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлэх, хүүхдийн нүдний харааг шалгаж, хүүхдийн болор цайх өвчин, төрөлхийн глауком, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрол сул хараанд хүргэдэг өвчнийг эрт илрүүлэх чухал байна.