Эрүүл мэндийн сайдын 2013 оны 429 дугаар тушаалаар баталсан лавлагаа төвийн бүтэц үүргийн дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл удирдлагын багийн гишүүдийн хамт 2017 оны 09 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэтгэц-наркологийн тасгийн одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үйл ажиллагаанд үнэлгээ хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.Сүүлийн үед сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал ихэсч байгаа бөгөөд 1990 оны судалгаатай харьцуулахад архинд донтох эмгэг 40 дахин, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин өссөн байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чухал асуудлын нэг болсныг харуулдаг.
Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур дүүрэг – 27936 хүн амтай сэтгэцийн 1 эмч 1 сувилагч, Хэнтий аймаг – 71,200 хүн амтай сэтгэцийн 2 эмч, 1 сувилагч, Сүхбаатар аймаг – 56,600 хүн амтай сэтгэцийн 2 эмч, 4 сувилагч 4 асрагч тусламж ажиллаж сэтгэцийн эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2017 оны 06 дугаар сард Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний аргачлалыг эзэмшүүлэх 1 сарын хугацаатай сургалтад орон нутгийн эмч нарыг хамруулж мэргэшүүлсэн. Энэхүү оюун ухааны түвшин тогтоох шинжилгээ нь хөдөлмөр чадвар алдалтын ихэнх хувийг эзэлдэг оюуны хомсдол эмгэгийг оношилдог бөгөөд мэргэжлийн эмч нар өөрсдөө бие дааж орон нутагтаа хийж байгаа нь эмчлүүлэгч үйлчлүүлэгчдэд ойртсон, чирэгдэлгүй тусламж үйлчилгээ болж буй тухай Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Шинэбаяр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.Мэндбаяр, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл нар сайшаан ярилаа.
Багануур дүүрэгт сэтгэц наркологийн хэвтүүлэн эмчлэх ортой болох талаар Багануур Эрүүл мэндийн төвийн дарга н.Шинэбаяр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасагт мэргэжлийн сувилагчтай болох талаар Нэгдсэн эмнэлгийн дарга Л.Мэндбаяр нартай ярилцаж зөвшилцөлд хүрлээ. Орон нутагт ажиллаж буй Сэтгэцийн эмч нар Хөдөлмөр чадвар алдалтыг тогтооход сэтгэцийн эмч нарыг оролцуулах тухай хүсэлтийг тавилаа.