ХХ зууны эхэнд Монгол улсад оросын консулын Европын анагаах ухааны анхны ортой эмнэлгийг 1909 онд ажиллуулж монголчуудад “Бүдүүн орос эмч” гэж авгайлагдсан Санжмятав Буджапович Цыбыктаровын мэндэлсний140 насны ойг “Дэлхийн эмч нар терроризмын эсрэг” уриан дор Монгол дахь Оросын холбооны улсын элчин сайдын яам, “Оросын хамтын ажиллагааны төв”, Оросын соёл, шинжлэх ухааны төв, “Орос эмч нарын дурсгалыг мөнхжүүлэх холбоо”, Анагаах ухааны Үндэсний их сургууль хамтран 2017 оны 9 дүгээр сарын 20-нд АШУҮИС-ын хурлын танхимд хамтран зохион байгуулав.
Хурлыг нээж Оросын холбооны улсаас монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич үг хэлэв. Мөн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэх ухааныг хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Баярт, АШУҮИС-ын Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, доктор Б.Мөнхбат,Оросын холбооны улсаас монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Михайлов Евгений Георгиевич нар баяр хүргэж үг хэлэв.
Мөн хуралд Буриадын Эрүүл мэндийн яамыг төлөөлж Буриадын Эрүүл мэндийн яамны Хууль-эрх зүйн газрын дарга Раднаев Ирина Элбековна, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж хариуцсан зөвлөх Бадмаев Дулсана Алексеевна, Оросын холбооны хүний гавъяат эмч, Буриад улсын ардын анхны эмч Дашидондок Бальжитович Батоев, Хиагт дахь Байгалын чандад дахь Анагаах ухааны их сургуулийн салбарын сургалт хариуцсан захирал Гэрэлма Дамбаева Тугульдурова нар Хуралд баяр хүргэж Буриад улсын Ерөнхийлөгч болон Буриадын Эрүүл мэндийн яамны сайд В.В.Кожевниковын мэндчилгээг уншиж танилцуулав. Мөн Россотрудничество агентлагийн шугамаар Оросын холбооны 7-8 их сургуулиудын төлөөлөгч нар оролцож хурлын дараа танилцууллага үзэгслэн гаргав. Хуралд ЭМЯ-ны сайдын зөвлөх, доктор Б.Цэцэгсайхан, академич Ш.Болд, түүхийн ухааны доктор Г.Дашням, Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн их эмч, уг хурлыг санаачилагч анагаах ухааны доктор Л.Энхбаатар, оросын холбооны улсын Өмнөдийн холбооны их сургуулийн сэтгэл судлал, сургалтын академийн багш Бондарев Максим Германович зэрэг 12 судлаач илтгэл тавив.