Уламжлал болгон хоёр дахь удаа зохион байгуулж байгаа Эрүүл мэндийн газрын албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн Булган аймагт зохион байгуулагдаж, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Дорнод, Булган аймгуудын багууд оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг дөрвөн төрлөөр өрсөлдөв.Тэмцээнийг Булган аймгийн спортын ордонд 2 өдөр зохион байгуулж, спортын мастер зэрэг, цол бүхий шүүгчид, олон улсын дүрэм, журмаар тэмцээнийг шүүлээ. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Дорнод аймгийн ЭМГ-ын баг эзэлж, цом, дараа жил тус тэмцээнийг зохион байгуулах эрхээр шагнуулав. Удаах байрыг Дархан-Уул аймгийн ЭМГ, гуравдугаар байрыг Дорноговь аймгийн ЭМГ-ын багууд тус тус эзэлсэн. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг оролцож, ЭМГ-уудын дарга, тамирчидтай уулзаж, амжилт хүслээ.Тэмцээнд оролцсон тамирчдаас ялангуяа Дархан-Уул, Дорнот, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн тамирчид сонирхолтой арга техникүүдийг үзүүлж, үзэгчдийн таашаалыг хүлээж, хөгжөөн баясгаж байлаа. Ийнхүү 8 аймгийн ЭМГ-ын эмч, мэргэжилтнүүд удирдлага, зохион байгуулалтын ур чадвараас гадна спортын авьяастай гэдгийг нотолж харуулсан сонирхолтой тэмцээнүүд болсон ба энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Булган аймгийн ЭМГ-ын С.Нарантуяа даргатай хамт олонд тэмцээнд оролцогчид талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэнээр тэмцээн өндөрлөв.