Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын Рио-де-Жанейро хотноо 2016 оны наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд зуны олимпийн XXXI наадам спортын 28 төрлөөр зохиогдох билээ.
Олимп эхлэхэд нэг жил үлдсэнтэй холбогдуулан өвөл, зуны олимп, паралимпийн наадам, болон залуучуудын олимпийн наадамд оролцохоор бэлтгэгдэж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд туслах санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор Олимпийн хөгжлийг дэмжих сан ТТБ байгуулагдсан юм. Тус сангаас шат дараатай олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгож Эрүүл мэнд, спортын яамтай хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар, Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, ЭМСЯ-ны харьяа БТСХТөвийн захирал П.Бат-Эрдэнэ, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн гишүүн “Хасу Мегават” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, гүйцэтгэх захирал Р.Манлай нар оролцлоо.