Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт бөөрний гемодиализын тасгийг энэ сарын 6-нд шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж болон бусад албаны хүмүүс, үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Тус аймгаас 18 иргэн нийслэл хотын улсын болон хувийн эмнэлгүүдэд бөөр орлуулах аппаратад орж эмчилгээ хийлгэдэг байна. Тэдгээр иргэдийн ар гэрийн санаачлагаар аймгийн Засаг дарга, Айвико компани, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр ийнхүү бөөрний гемодиализын тасгийг хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгууллаа. Энэхүү тусламж үйлчилгээг бий болгосноор өвчтөн болон тэдний ар гэрийнхэн нийслэл хотыг зорьж, цаг хугацаа, санхүүгийн эрсдэлд оролгүйгээр өөрийн аймагтаа эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой боллоо.
“Айвико” ХХК-аас Японы Nipro, NCU-18 маркийн 80 сая төгрөгийн өртөгтэй гемодиализын хоёр аппаратыг хандивласан бол 33.0 сая төгрөгний өртөгтэй ус цэвэршүүлэх төхөөрөмж болон барилгын засвар, тохижилтын зардлыг Аймгийн Засаг дарга, ИТХ-аас шийдвэрлэсэн. Мөн ЭМЯ-наас гемодиализын 4 ширхэг ор болон дагалдах эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж хамтарч ажилласан. Тус тасаг одоогоор диализын эмч, сувилагч, техникч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Цаашид илүү олон өвчтөнд үйлчилгээ үзүүлэхээр хүний нөөц болон 2 аппарат, бусад дагалдах тоног төхөөрөмжөөр хангах ажлыг төлөвлөн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хайн ажиллаж байна.