Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, холбогдох мэргэжилтнүүд Японы Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны үндэсний төвийн Олон улсын анагаах ухааны хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Камата Мицуаки, Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс, Хүний чадавхийг бэхжүүлэх тэнхимийн захирал Хашимато Чиёоко нартай уулзлаа. Камата Мицуаки, Хашимато Чиёоко нарын Монголд ирсэн энэ удаагийн зорилго нь ЭМЯ, ЖАЙКА байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн үйл ажиллагаатай танилцах, тус төслөөс зохион байгуулж байгаа эмнэлзүйн сургагч багшийн сургалтанд оролцож, "Төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагын үнэлгээ" сэдэвт лекц унших, төслийн загвар аймаг болох Орхон, Булган аймгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.
Уулзалтын үеэр ноён Камата Мицуаки хэлэхдээ: Япон улсад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоо бүрдээд харьцангуй олон жил болж байгаа бөгөөд алдаа оноо гарч байсан. Монгол улс энэ алдаа онооноос суралцаж, алдааг давтахгүй, өөрийн орны онцлогт тохирсон төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог бүрдүүлэхийг зорих нь зүйтэй. Төслийн хүрээнд та бүхэн Японы төгсөлтийн дараахь сургалтын тогтолцооноос суралцаж, өөрсдийн тогтолцоог сайжруулахын зэрэгцээ бид мөн та бүхнээс суралцаж Японы тогтолцоог сайжруулах туршлагыг олж авна гэж бодож байна гэв.
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг манай улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын тогтолцоог сайжруулахад Та бүхэн чадварлаг зөвлөхүүдийг илгээж хамтран ажиллаж байгаад талархаж байна. 2016 онд хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор бид төгсөлтийн дараахь сургалтын журмуудыг өөрчилж байна. Эдгээр журмуудад бид Япон улсын тогтолцооноос суралцсан туршлагаас болон төслийн зөвлөхүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусгаж байгаа. Таны хэлсэнчлэн өөрийн орны тусламж, үйлчилгээний онцлогийг тусгахыг зорьж байна. Тухайлбал аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт резидентийн сургалтыг үе шаттайгаар шилжүүлэх, сургалтын эрхлэгч байгууллагын явцын үнэлгээг боовсронгуй болгох, мэргэшүүлэх сургалтыг удирдах эмнэл зүйн сургагч багшийн тогтолцоо бүрдүүлэх зэргийг дурьдаж болно гээд цаашид Японы Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны үндэсний төвтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Дашрамд дурьдахад Японы Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны үндэсний төв нь үндэсний хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага бөгөөд ЭМЯ, ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төсөл дээр ирж ажиллаж байгаа ахлах зөвлөхүүд тус байгууллагаас ирж ажиллаж байна.