Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Японы Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн Ерөнхийлөгч Кунинори Такаги тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтийн дагуу ЭМЯ дээр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Кунинори Такаги сургуулийнхаа талаар танилцуулж, тус сургуульд одоогоор анагаахын чиглэлээр монгол улсаас хоёр оюутан тэтгэлэгтэй суралцаж байгааг дуулгахын зэрэгцээ цаашид сувилагч бэлтгэх сургууль байгуулах зэрэг хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сайд А.Цогцэцэг хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлж байгааг онцлоод, цаашид анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгодог Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх, сувилагч нарыг Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, харилцан сувилагч солилцох, эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах ажлыг хамтран зохион байгуулах боломжтойг онцоллоо.
Уулзалтын үеэр талууд хэд хэдэн асуудлаар харилцан ярилцаж, Монгол Улсад сувилахуйн чиглэлээр сургууль байгуулах саналыг сайд А.Цогцэцэг энэ үеэр дэмжиж илэрхийлэн цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ЭМЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.