Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” сэдэвт ОУ-ын хамтарсан эрдэм шинжилгээний хурал эхэллээ


Сүүлийн жилүүдэд зоонозын гаралтай өвчлөлүүд, түүний дотор шинэ болон шинээр сэргэж буй халдварууд олон улсын түвшинд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүсгэх хэмжээний томоохон асуудлууд болоод байгаа билээ. Иймээс шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнүүдийн үүсгэгчийг байгаль, мал, амьтан, дамжуулагчдын дунд болон хүнээс хүнд хэрхэн орчиж буйг байгаль, дэлхий, уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, улс орны нийгэм эдийн засгийн байдал, хүн амын амьдралын нөхцөл, онцлог, хүнсний хэрэгцээ зэрэг олон үзүүлэлттэй харьцуулан биологийн болон анагаахын шинжлэх ухааны ололт, технологийн дэвшлийг ашиглан судалж, зүй тогтлыг илрүүлэх нь нэн чухал юм байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс  2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн “Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний  22 дугаар хуралд салбар хоорондын хамтын ажиллагааны байгууллагууд болон тус төвтэй хамтын ажиллагаа бүхий улс орнуудын төлөөлөл ОХУ, БНХАУ, Казахстан, ХБНГУ зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцож байна.

Энэхүү хурлын зорилго нь зоонозын халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Зоонозын халдвар нэг улсын төдийгүй бүс нутгийн, улмаар дэлхийн нийтийн асуудал болсон энэ үед зоонозын халдварын тулгамдсан асуудлаар олон орны эрдэмтэн судлаачид, түүний дотор манай мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-ын  судлаачид оролцон мэдлэг туршлагаа хуваалцаж буйд ЭМС-ын хувьд туйлын талархалтай байна. Гадны 10 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байгаа нь энэ хурлын ач холбогдол улам өндөр болгож байна. Энэ хурлаас сайхан үр дүн хүлээж байгаа бөгөөд тулгамдаж буй асуудлаар та бүхний гаргасан шийдвэрийг сайд би биелүүлэх болно гэв.

Нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож буй энэхүү хурлаар “Баянзүрх дүүрэгт хийсэн эзэнтэй ба золбин нохойн тооллого, нохойгоор дамжих зоонозын өвчний тандалт судалгааны дүн”, “Орос, Монголын нутагт тархсан иксод хачгийн төрөл зүйлд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл”, “Казахстан улсын өмнөд хэсэгт бүртгэгдсэн хачигт энцефалитын хүний өвчлөл”, “Дундговь аймагт хийгдсэн хачгаар дамжих халдварын тандалт  судалгааны дүн”, “Алмат орчим бүс нутаг нь  хачигт риккетсиозын зүйлүүдийн Казахстан дахь хамгийн их холилдсон хэсэг болж байна”, “Говь-Алтай аймгийн Цогт сумын D.nuttali хачгинд зарим зооноз өвчний шинжилгээ хийсэн дүн”, “Монгол-Хятадын хил орчмын нутгийн хачиг ба мэрэгчийн дамжуулагчаар дамжих халдварт өвчний халдварлалт, Хятад-Монголын хамтарсан тандалт судалгааны үр дүн” зэрэг судалгаа, шинжилгээний дүн хэлэлцүүлж байна.

Уг хурлын үр дүнд зоонозын халдварт өвчнүүдийн тархвар судлал, молекул биологи, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ зоонозын халдварт өвчний эрдэм шинжилгээний ажлууд, сүүлийн үеийн ололт амжилтыг харилцан мэдээллэх юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл