Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Макс Сан Олон улсын ТББ-ын Ерөнхий менежер хатагтай Ерин Шварц-ыг хүлээн авч уулзаж, санал солилцов.
АНУ-д төвтэй Макс Сан ТББ нь анх 1997 онд цусны хавдартай хүмүүст хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Үүнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлсээр одоогоор хавдрын эмчилгээ, хавдрын эмүүдийг олгох, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа, боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн болон олон нийтийн байгууллагуудыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаануудыг дэлхийн 100 гаруй оронд хэрэгжүүлж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны эмгэг судлалын тасаг нь 2005 оноос хойш Мах Сан-тай хамтран ажиллаж байгаа ба тус сангаар дамжуулан хавдрын орчин үеийн өндөр өртөг бүхий эмчилгээний нэг Гливек буюу Иматиниб эмийг үнэ төлбөргүй авч цусны хавдрууд болон ходоодны стромаль хэлбэрийн хавдартай 70 гаруй хүмүүст хэрэглэж байгаа нь үр дүн сайтай байгаа юм.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнүй харилцан ярилцаж, сайд А.Цогцэцэг хавдрын эсрэг орчин үеийн эмээр хангаж байгаад нь талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ЭМЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотолсноор уулзалт өндөрлөв.