Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг нэвтрүүлж, молекул генетикийн чиглэлээр хийгдэх хавдрын судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Баярсайханы Энхжаргалд шилдэг залуу эмчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уг шагналыг гардуулсан юм. Тэрбээр: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг залуу эмч Б.Энхжаргалын онцгой амжилтыг үнэлэн хүртээлээ. Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн хавдрын шинэ төрлийн эмчилгээ, судалгаагаараа анагаах ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул энэ шагналыг хүртэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн шилдэг залуу эмч нарын гаргасан амжилт, бүтээл Монгол Улсын анагаахын шинжлэх ухааны салбарт цаашдаа үнэтэй жишиг болж тогтдог гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж байгаа эмч нарын дундаас шинэ судалгаа, бүтээл гаргасан эмч нарыг шагнаж байгаа нь тэдний зүтгэл бүтээлийг онцлон үнэлж байгаагийн илрэл юм.
Энэ жишиг рүү тэмүүлэх нь анагаахын шинжлэх ухааны салбарын гол баримтлах зарчим гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмчийн шагнал хүртсэн Б.Энхжаргалд амжилт хүсье. Анагаахын салбарын хамт олон, эмч нартаа сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.