Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн баталсан удирдамж, ажлын хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан, ОБЕГ-ын Гамшиг Шуурхай удирдлагын газрын тасгийн дарга З.Баттулга нарын 9 хүн хамрагдан аймгийн Онцгой байдлын газар, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт, дадлагын төв, танхим, Гамшгийн аюулыг зарлан мэдээллэх, шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах төв болон Мөрөн хотын нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэг зэргээр аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж шалган зааварлаж, мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмж дэмжлэгийг үзүүлэв.
Аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурал болон“Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх Японы туршлага” семинарыг тус тус зохион байгуулж, Гамшгаас хамгаалах төр, засгийн бодлого шийдвэрийг танилцуулан салбар зөвлөлд үүрэг чиглэл өглөө.