Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.02) нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ талаар хэлэхдээ, Анх удаагаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулагдаж, УИХ-аар батлагдлаа. Дэмжсэн УИХ-н гишүүд, НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүддээ их баярлалаа. Энэ бол бидний хувьд том алхам боллоо. Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл бага байх тусмаа тэр улс иргэдийнхээ эрүүл мэндэд үзүүлэх тусламж үйлчилгээг хэрхэн чанартай үзүүлсэн гэдэг гол шалгуур нь болдог юм. Бид үүнд дөхөж очлоо. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна хэмээн заасан байдаг гэв.
Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Билэгт, Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар нэр дэвшигчдэд хандан “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах шаардлагатай”, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг шинэчлэх, ялангуяа жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх, нийслэлийн эмнэлгийн байгууллагуудаар явж, бодит байдалтай танилцах шаардлагатай” байгааг онцгойлон анхааруулж байлаа. Ингээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилох санал хураалтыг нэр дэвшигч бүрээр явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9-79.2 хувийн дэмжлэгийг авсан юм.